Өрнө Дорно хоёр Ч.Чимид

2011-12-13,02:37 PM

Өрнө л гэнэ
Дорно л гэнэ
Өрнө биш дорно л гэнэ
Дорно биш өрнө л гэнэ
Хатан дэлхийг
Хаа гуяар нь салгаж байгаа юм
Хаагуур нь
Салгаад
Ялгаад байгаа юм бол?
Хотол түмнийг
Хонь хурга ялгаж байгаа юм шиг
Юугаар нь
Зааглаад
Заазлаад байгаа юм бол
Урал Кавказаар
Ус далайгаар
Салгаад байгаа юм уу?
Хар цагаанаар
Шар улаанаар
Ялгаад байгаа юм уу?
Зүг чигээр
Зүүн баруунаар
Арьсны өнгөөр
Амны зоргоор
Алтан дэлхийг
Айл хунартай нь
Ард түмэнтэй нь
Ялгаж
Салгаж
Яах гэсэн юм бол?
Бүү мэд!
Yнэнийг хэлэхэд
Ази Европ ч гэж бий
Америк,Австраль ч бий
Африк,Антарктид ч бий
Улс гүрний хил ч бий
Улаан цагаан арьстан ч бий.
Гэвч
Бөмбөрцөг хэрсэн шугам
Бүсэлхий дарсан экватор
Зургаан тивийн зааг
Зулайн үсний өнгө
Аль нь ч
Улс түмнийг ялгах
Уг үндсээр нь салгах
Чиг замы нь холдуулах
Ёсгүй.
Суусан нутгаар
Сурсан хэлээр
Хүн төрөлхтөн
Адилгүй ч
Нар гарах цагаар
Сар гарах чигээр
Хүж дэлхий
Ижилгүй ч
Элст Мисирийн пирамид хөшөө
Эрт Грекийн соёл урлаг
Дорнын гүн ухаан
Өрнийн шалгалдаг ухаан
Угсаатан бүрийн нөр хичээл
Yндэстэн бүрийн нэр бүтээл
Цөм бүрэлдэн
Хам хуралдан
Хүн төрөлхтөний
Өнийн замнал билээ.
Өвийн уламжлал билээ.
Урлал ,дурлал нь билээ.
Ажил амьдрал нь билээ.
Өрнийх ч гэсэн хүн
Дорных ч гэсэн хүн
Хар арьстай нь ч хүн
Шар, цагаан нь ч хүн.
Хүн ингээд
Төрх төрлөөрөө
Байр байдлаараа
Төсөөтэй гэвч
Гартаа байгаа зэвсэг багажаар
Урдаа байгаа хэрэг зорилгоор
Номлосон суртлаараа
Ноёлсон сууриараа
Хийдэг тэмцлээрээ
Ана мана
Ач тач
Ялагдсаар
Салгагдсаар иржээ.
Уудам дэлхий
Улс гүрэн
Тэр ч байтугай
Улс дундуур
Бүр цаашилбал
Айл гэр
Ах дүүгийн хоорондуур
Yзлийн ялгаа
Ангилан зурайж байна.
Өрнө дорно гэж
Эсрэг тэсрэг
Ойлголт байхгүй
Өнгөлзөх дайсан
Тонголзох нөхөр гэж
Ялгаа бий.
Улаан цагаан гэж
Арьсны харш
Өнгө байхгүй
Улаантан ,цагаантан гэж
Ангийн харш
Ялгаа бий.
Миний дорно
Чиний өрнө гэж
Ойлголт байхгүй.
Миний коммунизм
Чиний капитализм гэж
Зааг бий
Тэгээд ч бид
Дорно гэж огсойдоггүй
Өрнө гэж огоордоггүй
Тивээр бид ярьдаггүй
Эвээр бид ярьдаг
Ижил зүсээр ялгадаггүй
Yзэл санаагаар ялгадаг.

бичсэн: dorjoo_1122 төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 889 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

dajgui shuleg баярлах
Зочин хэзээ бичсэн: 09:33 PM, 2012-1-12 | Холбоос | |
Ch.chimidiin namtariig oruulj ogooj гуниглах
uchral (зочин) хэзээ бичсэн: 06:13 PM, 2012-1-4 | Холбоос | |

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant