Дөнгөтийн Цоодол Хуучин дэр модны дууль

2012-01-18,17:18
Төрсөн заяа минь хар мод билээ
Төөрсөн заяа минь
Төмөр замын дэр мод билээ
Хув хуучин дэр мод билээ
Цагтаа би жаргаж
Цармын хустай наргиж
Бийр шиг согсгор мөчрөөрөө нар өдсөн
Битүү хар шөнөөр тэргэл сар бодсон
Саруул дэлхийн чимэг сайхны нэгэн байлаа
Салж унахын тухай л зүүдэлсэнгүй явлаа
Цэцгэн дундаа ургуулсан эх орны дур юм чинь
Цэрэг шиг тушаалаа надад өгсөн юм
Цэлгэр талд замын дэр мод бол гэсэн юм
Сүүдэрт минь амрагууд болзохоо байв
Сүрэг шувууд мөчир дээр минь буухаа байв
Хэрэм тоглуулсан мод гэдгээ мартав
Хээгүй, хуучин дэр мод болов оо
Саруул уйтан хорвоог би дэрлэж
Салаа ган зам намайг дэрлэж
Сар өдрүүд шиг галт тэрэг дээгүүр минь цувж
Сая сая хүмүүс галт тэргээр цувж
Ган замыг төөлөөд хязгааргүй
Галт тэргийг тоолоод хязгааргүй
Хасахын олон тэмдэг шиг дэр мод би хуучин
Хаягдсан олон даалуу шиг хар мод би хуучин
Хал зовлонд ханасан буурал замчин шиг хуучин
Хараал, ерөөл, хан хорвоо шиг хуучин
Хатуу хэцүү ажил минь л дандаа шинэ ээ
Хаан харц хоёулаа ган замаар морилдог
Хатан болд замыг нь дэр мод мөрлөдөг
Өдөржин шөнөжин галт тэрэг давалгаа шиг нижгэнэдэг
Өвгөн дэр мод доороос нь данхраад шиг тулж байдаг
Ийшээ тийшээ яарахаас нь өөр
Илүү чухал ажил хүмүүст байдаггүй
Дэмтэй дэмгүй холхих та нарын хөлд
Дэлхий ядарч, дэр мод элэгддэгийг мэддэггүй ээ
Тэглээ гээд би хугарч нугарч болохгүй
Тэнхээ шавхсан ажлаасаа хуучин дэр мод халагдахгүй
Хэрвээ би л хотойх юм бол
Хэц ууланд, хэнз мод унах билээ
Хэцүү дэр модны албанд
Хэзээд нэг маань биөэ золих билээ
Алжааж, тэсэж, хатуужсан хуучин дэр мод би
Арай л үнс, тоос, шороо болж үзээгүй дайчин дэр мод би
Ачаатай ачаагүй, хүнтэй хүнгүй цуваа бүгдийг чинь даая
Дэлгээ хөх тэнгэр,
Бурхад, чөтгөр
Дэвэлзэж яарахын одонд төрсөн
Хүмүүс та нарыг цөмийг чинь даая
Дээр нь бас юу байна, дааяа
Би бол
Хуучин дэр мод
Мод нэртэй төмөр
Эр мод оо!
Монголоо гэсээр дуусах
Дэр мод оо!
бичсэн: dorjoo_1122 төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 418 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)